Үүсгэн байгуулагч & GISO (Глобал хөрөнгө оруулалт хариуцсан захирал)

Hyeon Joo Park
ПАК ХЁНЖҮ
  • 2018

    Глобал хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар томилогдов.

  • 2017

    “Дасан” санхүүгийн шагнал гардуулах ёслолоос тэргүүн шагнал хүртэв.

  • 2016

    “Мирэ Эссет Дэү” группын ерөнхийлөгчөөр томилогдов.

  • 2015

    Шилдэг Мегакорпораци шагнал хүртэв.

  • 2002

    Харвардын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Удирдах албан тушаалтны курс төгсөв.

  • 2001

    Мирэ Эссетийн ерөнхийлөгчөөр томилогдов.

  • 1999

    Мирэ Эссет үнэт цаасны компани байгуулав.

  • 1997

    Мирэ Эссет хөрөнгө удирдлагын компани байгуулав.

  • 1997

    Мирэ Эссет Капитал байгуулав.

Мирэ Эссет байгуулагдсаны 20 жилийн ойн баяр
  • Үүсгэн байгуулсан зорилго

    Харилцагч болон нийгмийн төлөө алсын хараатай, хөрөнгө оруулалтын онцгой философийг цогцлоосон Мирэ Эссетийг үүсгэн байгуулав.

    “Хөрөнгө оруулалтын компани харилцагч болон нийгмийн төлөө хийж болох ажлыг тунгаан бодсоны эцэст ирээдүйг чиглэсэн, онцлог хөрөнгө оруулалтын философитой компани байгуулахыг хүсэж зорьлоо. Чухам энд л өнөөдрийн Мирэ Эссетийн үндсэн чанар оршин байна.”

    Мирэ Эссетийн гадаад салбар компаниудын ажилтнуудад зориулсан мэндчилгээний үгнээс иш татав. (2018 он)
  • Мөнхийн шинийг бүтээгч

    Тасралтгүй үргэлжлэх инновацаар дамжуулан улсдаа тэргүүлэх санхүү, хөрөнгө оруулалтын корпораци болон хөгжинө.

    “Мирэ Эссет тасралтгүй тэмцэж ирсэн бөгөөд тэрхүү тэмцлийн гол хөдөлгөгч хүч нь инноваци билээ. Мирэ Эссетийн эхлүүлсэн үйл хэрэг биелшгүй мөрөөдөл мэт байсан хэдий ч одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бодит түүхэн зам болжээ.”

    Мирэ Эссет байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндчилгээний үгнээс иш татав. (2017 он)
  • Ирээдүйг харах нүд

    Шинэлэг харах өнцөг болон ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт

    “Хөрөнгө оруулалт үгүй бол хөгжил үгүй. Бид хөрөнгө оруулалтаар дамжуулан ирээдүйгээ өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Алсын хараатай хөрөнгө оруулалт болон инновацийг тасралтгүй хийж чадвал бид ирээдүйг илүү сайхнаар өөрчилж чадна.”

    Мирэ Эссет байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндчилгээний үгнээс иш татав. (2017 он)
  • Мирэ Эссет ПАК ХЁНЖҮ сан

    “Бусдад ээлтэй халамжит капитализм” бол Мирэ Эссетийн нийгэмд амласан амлалт юм.

    “Хорвоо дэлхий асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаж бидний хүнлэг чанар алдагдаж болохгүй юм. Мирэ Эссет нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө хийж ирсэн сайн дурын үйлс нь бидний хүн ба нийгэмд чиглэсэн халуун сэтгэлээс үүдэлтэй.”

    Мирэ Эссетийн шинэ жилийн мэндчилгээний үгнээс иш татав. (2018 он)

Мирэ Эссет үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, Мирэ Эссетийн нийт ажилтнууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдгөөгөөс 20 жилийн тэртээ яг энэ өдөр Мирэ Эссет байгуулагдсан билээ.

Баярлаж догдолсон, бас сэтгэл түгшсэн мартагдашгүй өдөр байсан боловч нэг талаараа цөөн хэдхэн хүний хамтдаа бүтээсэн эгэл жирийн өдөр байлаа.

Чухам тэр л Мирэ Эссет өнөөгийн БНСУ-ын хөрөнгийн зах зээлийг төлөөлөх корпораци болж чаджээ. Та бүхэн Мирэ Эссетийн 20 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн билээ. Өнөөг хүртэл хамтдаа байсан харилцагч та бүхэндээ хичнээн их талархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Ажилтнууд та бүхний сэтгэл зүтгэл, тууштай хөдөлмөрт ч хэрхэн талархахаа мэдэхгүй байна.

Эргээд харахад үнэхээр урт хугацаа өнгөржээ. Нэг сар 30 хоногтой байдаг нь тэр үед ч одоо ч яг адилхан атал тэр үед ажилтнуудын цалин тавих өдөр нэг л мэдэхэд болчихсон байдагсан. Мирэ Эссетийн нэрээр анхны санг борлуулж байсан өдрийн баяр хөөр, догдлол өчнөөн олон жил өнгөрсөн өдгөө ч огт өөрчлөгдөөгүй сэтгэл зүрхийг огшоосон хэвээр байна.

Бид анх удаа гадаад зах зээлд гарч, түнэр харанхуй далайн өмнө ганцаар зогсож байгаа мэт хязгаар төгсгөлгүй бүрхэг байсан үеийг ч мартах боломжгүй юм. Тухайн үед компаниа байгуулж байсан гучин хэдэн настай шижигнэсэн залуус цаг хугацааны урсгалаар тавин нас хэвийсэн удирдах албан тушаалтнууд болжээ. Тэр өдрүүд үр дүнгүй өнгөрөөгүй учраас Мирэ Эссет өнөөдөр энэ хүртэл ирсэн юм. Тэр үед ч одоо ч бидний хувьд харилцагчийн итгэлийг дааж ажиллахаас өөр арга зам үгүй билээ. Шударгаар сайн бүтээгдэхүүнийг санал болгож, чин сэтгэлээ шингээн тасралтгүй инноваци, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх нь бие даасан хөрөнгө оруулалтын мэргэжлийн групп болох Мирэ Эссетийн итгэл даах арга юм.

Нэрт эдийн засагч Й. Шумпетер бүтээлч тэсрэлтийн дүнд үүссэн инноваци бол капитализмын мөн чанар гэж хэлсэн билээ. Сан гэдэг үг ч танил бус байсан 1997 оноос эхлэн хөрөнгө оруулалт нь энгийн ойлголт болсон 2017 он хүртэлх Мирэ Эссетийн 20 жилийн түүх ч бас санхүүгийн инновацийн замаар замнасан билээ. БНСУ-ын анхны хамтын сан ч ялгаагүй, хувьцаа бондыг бүрэн өөрчилсөн альтернатив хөрөнгө оруулалт ч ялгаагүй, дотоод зах зээлд төвлөрсөн хөрөнгө оруулалтыг гадаад зах зээл рүү тэлсэн явдал, мөн бүтээгдэхүүн төвт хэлбэрээс глобал хөрөнгийн хуваарилалт руу эргэлт буцалтгүй хувьсан өөрчлөгдсөн явц ч мөн ялгаагүй инновацийн замнал байсан.

Мирэ Эссетийн инновациуд нь эхэндээ танил бус байсан ч хожим нь хүлээн зөвшөөрөгдөж, эцэст нь энгийн ойлголт болжээ. Мирэ Эссетийн эхлүүлсэн үйл хэрэг биелшгүй мөрөөдөл мэт байсан хэдий ч одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бодит түүхэн зам болсон байна. Үүнийг ойлгож хүлээн авсан харилцагч та бүхний ачаар өмнө нь хэний ч алхаагүй байсан тэр л замаар замнахдаа бид ганцаардаагүй юм.

Компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтаж бид байнга л шинэ зүйлд хүч сорьсоор ирсэн шигээ бас л шинэ тэмцэл, шинэ зүйлд хүч сорьсоор байна. Мирэ Эссет Дэү группын харилцагч нь Сөүлд байна уу, Бусанд байна уу хамаагүй Солонгосоос Google, Amazon, Alibaba зэрэг нэр хүнд бүхий компаниудын хувьцааг хялбар аргаар арилжаалах боломжтой болно. Мөн венчур хөрөнгө оруулалтыг дэмжих том хэмжээний төслүүд эхлэх гэж байна. Хэдэн их наяд воноор хэмжигдэх шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хурдны зам барих, өмнөд далайн эрэг хавийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтууд ч өрнөх болно. Энэ жилдээ багтааж Мирэ Эссет нь глобал зах зээл дээр 6000 гаруй “зочид буудлын өрөө”тэй болох болно.

Бид эрсдэлийг нягт нарийн удирддаг. Энэ бол өнгөрсөн үед бодож ч байгаагүй зүйл билээ. Шинэ хувьсал, инноваци бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Бид тоон үзүүлэлтийг хэт чухалчлаагүй ч одоогоор манай хөрөнгийн удирдлагын компанийн удирдаж буй хөрөнгө нь ойролцоогоор 110 их наяд вон, үнэт цаас болон даатгалын компанийн харилцагчийн хөрөнгө ойролцоогоор 250 их наяд вон, нийт 360 их наяд воноор хэмжигдэх хөрөнгө удирдаж байгаа бөгөөд үүнээс 10%-ийн ашиг гарахад л нийт 36 их наяд воноор үндэсний баялагийг нэмэгдүүлж болох юм. Орлогын өсөлтөөр дамжуулан хэрэглээний өсөлт нь улсын эдийн засгийн эргэлтэд ч хувь нэмрээ оруулах боломжтой.

Мирэ Эссет нь тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд тэрхүү хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь инноваци билээ. Эхэндээ ч, одоо ч Мирэ Эссет инновацийн зам дээр л зогсож байх ёстой. ‘Аль хэдийн айлчлан ирсэн ирээдүй’ гэгдэх аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын тэргүүн эгнээнд зогсож стратегитай хөрөнгө оруулалт хийх ч инновацийн нэгэн хэлбэр билээ.

Харилцагч болон хувьцаа эзэмшигч, бид бүгдийн төлөө ирээдүйг түүчээлэн алхах ёстой. Хөрөнгө оруулалт үгүй бол хөгжил үгүй юм. Бид хөрөнгө оруулалтаар дамжуулж улсдаа баялагийг бүтээж, ажлын байр бий болгон, залуу хойч үедээ хүч сорин ажиллаж болох эрч хүчтэй нийгмийг цогцлоож өгч чадна. Насан турш идэвхи зүтгэлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад үеийнхэндээ ч сэтгэл амгалан амьдрах амьдралыг бэлдэж өгч чадна.

Бид хөрөнгө оруулалтаар дамжуулан ирээдүйг өөрчилж, бүтээн байгуулж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Харилцагчийн ирээдүйд хувь нэмрээ оруулна гэдэг бат итгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол бид харилцагчидтайгаа нягт хамтран ажиллах зам юм.

Би хувь хүнийг хөгжүүлж, боломж олгодог байгууллагыг зөв компани гэж үздэг. Цөөн тооны хүмүүст боломж олгодог хаалттай засаглал биш ур чадвараа өсгөн нэмэгдүүлэх боломжийг олгодог байгууллага байж, ажилтнууд нь амжилт гарган зорилгоо биелүүлж, бахархал үнэт зүйлийг бүтээдэг байгууллага байх болно. Мирэ Эссет нь хувийн өмчит бус өрсөлдөх чадвар бүхий компанийн засаглалтай, мэргэжлийн боловсон хүчин нь мөрөөдлөө биелүүлж чаддаг, хөрөнгө оруулалтын эерэг мөн чанар бүхий байгууллага байх нь Мирэ Эссетийн чухал үүргүүдийн нэг юм.

Мирэ Эссет нь шинэ замыг түүчээлэх учиртай. Мирэ Эссетэд итгэдэг хувьцаа эзэмшигчдийн итгэл, сэтгэлийн ачийг хариулах ёстой. Хувьцаа эзэмшигчид, харилцагч болон нийгэм, нийт ажилтнуудын нэгдмэл ашиг сонирхлын үнэ цэнийн өсөлтийн төлөө Мирэ Эссет оршин тогтнох ёстой.

Алдарт яруу найрагч Ку ДүХён ‘Ажлын гараагаа эхэлж буй танд’ хэмээх шүлгэндээ Мирэ Эссетэд зориулсан мэт ингэж шүлэглэсэн байдаг.

Бүү март
Дөнгөж сая татаж орсон хаалга тань
Нэгэн үе хатуу хана байсныг
Амархан нээгддэг хаалга
Амархан хаагддаг хуулийг
Ороход давчуу байсан хаалга
Гарахад уужим болдгийг

Анх ажилд орж буй сэтгэлээр одооноос дахиад эхэлцгээе. Хорин настай Мирэ Эссет нь глобал зах зээл дээр маш их хүсэл тэмүүллийг мэдэрч байна. Солонгос улсын нийгэмд баялагийг бүтээж, залуу үе нь дэлхийн зах зээлд чөлөөтэй өрсөлдөн гарч ирэх үеийг мөрөөдөж байна. Нэг ч хором өөр тийш анхаарал хандуулахгүйгээр бардам алхацгаая. 14000 гаруй ажилтнууд хөрөнгө оруулалтаар дамжуулан хэрхэн харилцагч болон нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулахыг итгэл, урамшууллын харцаар анхааралтай ажиглахыг хүсье.

Мирэ Эссет нь тасралтгүй шинийг санаачлагч, санхүүгийн шинэ замыг нээгч, мөнхийн инноватор байх болно. Хана байсан зүйлийг хаалга болгож, давчуу байсан хаалгыг өргөн зам болгох инноватор байх болно. Хойч үе маань глобал зах зээл дээр нүүр бардам, чадварлагаар өрсөлдөн хөгжих боломжтой глобал Мирэ Эссетийн тулгын чулууг бид тавих болно.

Баярлалаа.