“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦААГ ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гаргаж биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2022 оны 16 дугаар тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг баталсан.  Улмаар Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэхүү жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК багтсан билээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй ХК хэлбэртэй байдаг бөгөөд энэ жишгийн дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болох “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь нийт гаргасан хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож олон нийтийн өмчийн оролцоотой компани болж байгаа нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж байгаагийн сайн жишээ болж байна. Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хараа хяналт сайжрах боломжтой болохын зэрэгцээ компанийн үйл ажиллагааны ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах, хөрөнгө оруулалтын дотогш урсгалыг өсгөх, цаашилбал мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих боломж нэмэгдэх чухал бодлогын шийдвэр боллоо.

Мөн хуралдаанаар даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, нэг компанид актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор, хоёр хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар тус тус шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

Хамтран ажиллах