УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ I-IV САРД ₮4.4 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 30.3 ХУВИАР БУУРЧЭЭ

Оны эхний дөрвөн сард уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.3 хувиар буурсан байна. Харин боловсруулах үйлдвэрлэл болон бусад салбарын үйлдвэрлэл өсөлттэй гарчээ.

Тайлант хугацаанд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, олборлолтыг харвал төмрийн хүдрээс бусад түүхий эдийнх огцом буураад байна.

Төмрийн хүдрийн олборлолтын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөж, 2.5 сая тонн болжээ.

Харин газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеэс 98.1 хувиар буурч, ердөө 37.6 мянган баррель болсон бол чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 68.5 хувиар буурсан байна.

Алт, зэсийн баяжмал, хайлуур жонш гэсэн бусад бүтээгдэхүүний олборлолтын биет хэмжээ 13.3-33.9 хувиар буурчээ.

Уул уурхайд суурилдаг эдийн засагтай улсын хувьд гол салбарын олборлолт буурч, үйл ажиллагаа нь саарсан нь эдийн засгийн агшилтад голлон нөлөөлсөн байна.

I улиралд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 37.1 хувиар буураад байгаа аж. Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувиар агшихад сөрөг -6.1 нэгж хувийг уул уурхай олборлолтын салбар бүрдүүлсэн байна.

Source: Bloomberg tv Mongolia

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

Хамтран ажиллах